
Олон жил яригдаж буй Оюутолгойн тэгш бус, шударга бус гэрээ, хулайн аргаар хийгдсэн Дубайн /гэрээ/ төлөвлөгөөг цуцлах, өөрчлөх талаар харилцан санал солилцож эхэлсэн нь монголчуудад одоохондоо нэлээд горьдлого төрүүлж байх шиг байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс стратегийн ордуудын санхүүгийн гүйлгээг Монгол банкаар дамжуулахыг шаардсан нь анхнаасаа тэрхүү залжин гэрээ хийхдээ орлогоо Монголын банк руу хавьтуулахгүй байхаар зориуд тулгаж хийсэн Рио Тинтогийн гол судсыг ч хатгаад авав бололтой. Нөгөөтэйгүүр, Оюутолгойг тойрсон өөр бусад ихээхэн эргэлзээтэй, учир битүүлэг, тэр бүү хэл илэрхий гэмт хэргийн шинжтэй асуудлууд ч олны анхаарал татсан хэвээр байна.
Оюутолгойн хөрөнгө оруулагчид Тусгай хороогоор шалгуулахыг хүссэнгүй
Нааштай гэж хэлж болохоор нэг үйл явдал гэвэл УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан юм.
Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.
Энэ удаагийн цахим уулзалт нь “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын анхны уулзалт байсан бөгөөд тус компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Саурат, санхүүгийн захирал Элиас Скарфидас, бизнес хөгжил эрхэлсэн захирал Аршад Сайед, “Рио Тинто Монголиа” ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар байлцжээ.
Энэ үеэр “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байгаагаа Засгийн газрын ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдлээ.
Засгийн газрын ажлын хэсгээс өмнө нь “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх саналыг хөрөнгө оруулагч талд тавьж, үүний дагуу уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ихээхэн нэмэгдсэн асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар шийдвэрлэсэн юм. Мөн “Рио Тинто” компани аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Харин уг уулзалтын талаар инженер Цэвээний Бээжин хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн яриа хэлэлцээг улам эрчимжүүлэн ажиллаж байна… хэмээн Засгийн газраас мэдээлжээ. Нөгөө л улиг болсон Монгол улсад ноогдох ҮР ӨГӨӨЖ гэсэн үлгэрээ Рио Тинто нь ярьж , манай Засгийн газар түүнийг нь даган баясаж байна. Дубайн гэрээ бол зөвхөн ДАЛД УУРХАЙД өндөр хүүтэй мөнгө хүүлж буй эрхийг нээсэн гэрээ. Далд уурхай дахь өндөр хүүтэй санхүүжилтийг зогсоох ёстой. ДУБАЙН гэрээ аль жил гаруйн өмнө 2019 оны 11 дүгээр сарын 18-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 808 дугаар шийдвэрээр ХУУЛЬ БУС гэдэг нь тогтоогдсон /өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр хүчингүй болж автоматаар цуцлагдсан гэж ойлгож болно/- гэж Аюурсайхан гишүүн олон удаа УИХ-ын чуулган дээр хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдын ахалсан “Оюутолгойг Монгол улсын эрх ашигт нийцүүлэх “- үүрэг бүхий ажлын хэсэг 400 хоногт юу хийснээ ард түмэндээ БИЧГЭЭР ТАНИЛЦУУЛААЧ” гэж өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм.
Тэгвэл Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд буюу “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх асуудал дээр ойлголцолд хүрээд байгаа аж. Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах нийт зардлыг 6.75 тэрбум ам.доллар, үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар гэж “Рио Тинто” тооцоолсныг “Туркойз Хилл Ресурс” хүлээж авснаа саяхан зарлажээ.
Урьд нь хөрөнгө оруулагчдын үл ойлголцолтой зэрэгцэн “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах зорилгоор Тусгай хороо байгуулах шийдвэрийг /2020.11.30/ гаргасан юм. Тусгай хороо нь “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэж, төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэсэн мэдээллийг өгч байлаа.
Төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрын зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан Тусгай хороо байгуулах шийдвэрийг дэмжиж буйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн юм. Харин сүүлийн үед зарим эрх сурвалжийн мэдээллүүдээс үзэхэд хөрөнгө оруулагчид нь Тусгай хорооны шалгалтаар орох сонирхолгүй байна. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад эхний тооцооллоор 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байлаа. Тэгснээ дараа нь “Рио Тинто” компани далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэдэг тооцооллыг 2019 оны долоодугаар сарын 16-ны өдөр мэдээлсэн юм. Энэ нь нийт зардал дундаж тооцоогоор 6.5-7.2 тэрбум ам.доллар болно гэсэн үг. Ингэж зардал нэмэгдэхээс гадна ашиглалтад орох хугацаа нь төлөвлөснөөсөө 16-20 сараар хойшлох аж.
С.Баяр нарын хэрэг ба Д.Зоригтын үндэслэлгүй баяжиж чимээгүй алга болсон түүх
Засгийн газар 2009 онд Рио Тинто компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Оюутолгой төслийг анх хөдөлгөсөн билээ. Гэвч манай улсад ашиггүй хийгдсэн уг гэрээг үзэглэсэн тэр үеийн төрийн өндөр албан тушаалтнууд ашиг сонирхолын зөрчил гаргасан нь баримтаар нотлогдож, ихэнх нь ял сонсоод байна. Харин Дубайн гэрээг хууль бусаар, дур мэдэн хийсэн Ерөнхий сайд асан С.Сайханбилэг нь хэрэг мөрдөж эхлэх чимээгээр Америк руу зугтаж гарч яваад одоо болтол эх орондоо ирэхгүй ялсаас бултан, бусдыгаа хөлдөө чирж байгаа юм.
НПГ-аас С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа Оюутолгойн ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах яриа, хэлэлцээ хийхийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Засгийн газрын нэр бүхий гишүүдэд олгож, мөн өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэхдээ гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК, “Айвонхоу майнз Монголиа инк” компанитай 2009 оны есдүгээр сарын 1-нд “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК 418.4 тэрбум шахам төгрөгийн орлого олох боломж олгосон хэмээн шүүх үзсэн юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сарын 23-нд С.Баярт нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил хасаж, нээлттэй дэглэмд таван жил хорих ял оноож, хууль бусаар олсон 5.6 тэрбум орчим төгрөгийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Харин Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцын үнэ болох 5.7 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий тус улсын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл давж заалдах шатны шүүхээс тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж албан тушаалаа урвуулсан үйлдлийг нь нэг жил зургаан сар, мөнгө угаасан үйлдэлд нь нэг жил хорих болгон хөнгөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр буруутай үйлдэлд ногдуулсан ялыг нь нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг хоёр жил зургаан сараар тогтоов. Харин Ч.Даваанямд оноосон ялыг нэг жил хорих ял болгон өөрчилжээ. Тэднээс 5.7 тэрбумын хөрөнгө хурааж, улсад оруулах анхан шатны тогтоолыг хэвээр үлдээсэн юм.
Мөн уг гэрээ байгуулагдсаны дараа С.Баярцогтын Швейцарь дахь данс руу Рио-Тинто компаниас их хэмжээний доллар орсон, Д.Зоригт учир битүүлгээр богино хугацаанд хөлжсөн, Л.Гансүх нэг сая доллараар хаус худалдаж авсан зэрэг баримтууд ил болсноор хууль хяналтын байгууллагаас тэднийг шалгаж эхэлсэн билээ. Үүний өмнө харин тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байсан Л.Гансүх мөн л шүүхээс ял сонссон байдаг.
С.Баярцогтод шүүхээс 10 жил хорих, таван жил нийтийн албанд ажиллах эрхийг хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон. Тэрбээр өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байлаа.
Түүнийг Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон хэмээн үзсэн юм. Түүнчлэн С.Баярцогттой хамт шүүгдсэн Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 1.3 жилийн хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1 жилийн хорих ял оноов.
Харин Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт учир битүүлгээр хөлжсөн асуудал яригдаж байсан ч хуулийн байгууллагаас холуур өнгөрч чадсан нь олны гайхал төрүүлээд байна. Оюутолгойн гэрээ байгуулсан ажлын хэсгийн ахлагч байсан тэрбээр тухайн үед гэрээн дээр ажиллаж байсан сайд нар, албан тушаалтнуудаас ганцаараа ял, шийтгэлгүй үлдсэн байгааг гайхахгүй хэн байх билээ. Түүнийг уснаас хуурай гарсныг М.Энхболд, С.Батболд нарын улс төрийн томчуудтай ойр байдагтай холбох хүн ч цөөнгүй байна. Энэ бас үнэний хувьтай болов уу.
Д.Зоригтын хувьд 2009 онд УИХ-ын Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуулиар сонгогдож Монголын улстөрд орж ирсэн түүхтэй. УИХ-ын гишүүн болоод удалгүй Эрдэс баялаг эрчим хүчний сайд болж дэвшсэн нь М.Энхболдоос гадна бас С.Баяртай илүү ойр дөт холбоотой байсных гэдэг. Мань эр Оюутолгойн гэрээн дээр ажиллаж байхдаа ажлын хэсэгт орсон иргэдийн төлөөлөл, эрдэмтэдийг элдвээр хавчин, гэрээний ажилд оролцуулахгүй байжээ. Энэ тухай доктор С.Авирмэд асган амьд сэрүүндээ “Биднийг ажлын хэсэгт томилсон атлаа огт тоодоггүй байсан. Нэг удаа би Д.Зоригтын өрөөнд сууж байхдаа түүний компьютерт гадаадаас англи хэл дээр баахан зааварчилгаа ирсэн байсныг үзсэн. Тэгээд бухимдаж, түүнд гадныхны нөлөөлөнд автаж болохгүй гэдгийг сануулж хэлэхэд тэр ихээхэн эмзэглэж, “Та үүнийг хэнд ч хэлж болохгүй шүү” гээд надаас гуйж байв. Дараа нь С.Баяртай уулзахад тэр бас надад нэлээд зэвүүцсэн шинжтэй харьцаж байсан” хэмээн зарим хэвлэлд ярилцлага өгч нийтэлснийг зарим нь санах биз.
Харин Д.Зоригт нь Оюутолгойн гэрээний дараагаар чимээгүйхэн алга болж, сонсохноо сүүлийн үед Хятад, Хонгконгоор хэрэн тэнэж явдаг болсон юм байх. Түүнийг хэзээ эх оронд нь авчраад мөрдөн шалгаж, зохих ял оноох эсэхийг одоогоор тааж, эсвэл тодорхой мэдэж хэлэх хүн одоогоор олдохгүй байна.
О.Баяр
