Ц.Оюунгэрэл рүү элдэвээр дайрах хэрэггүй, тэр чадна

Шинэ оны эхний өдрүүдийн нэгэн үйл явдал улс төрийн хүрээллийнхнийг нэлээд цочирдуулав. Тэдний хэрхэн сандарч буй нь цахим ертөнц дэх нэр, нүүрээ нуусан троллчдынх нь бичдэг  өнөөх увайгаа алдсан гүжир гүтгэлгэ, доромжлолоос бэлхнээ анзаарагдах ажээ. Ц.Оюунгэрэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн өрсөлдөх тухай мэдэгдэл нь ийнхүү шуугиан тарьж байна. Энэ нь үнэндээ гэнэтийн юм бас биш л дээ. Урьд нь иймэрхүү санааг хавь ойрын эх сурвалжууд нь хэлж л байсан.

Ц.Оюунгэрэлийн хувьд Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөхөө  илэрхийлсэн хоёр дахь эмэгтэй болж байна. Тэр өөрийн чин зоригоор  ингэж шийджээ.  Харин өмнө нь МАХН-аас  С.Удвалыг нэр дэвшүүлсэн боловч тэрээр нэг л итгэл үнэмшил муутай, улс төрийн зориггүй,  үхээнц байдалтай байсан нь хөндлөнгийн ятгалгаар аргагүйн эрхэнд  гэнэт чирэгдэж гарч ирсэн мэт байлаа.  

Ц.Оюунгэрэлийн мэдэгдлийг сонсоод,  эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж болох эсэх маргаан өрнөх үеэр  манайхны зарим хүмүүсийн оюун санаанд энэ нь төдийлөн сайн бууж өгөхгүй жаахан алмайрч орхив бололтой. Тэр тусмаа гадаадын иргэнтэй гэр бүл болсон эл эмэгтэйг бүр ч их гайхаж сонсох болов. Гэлээ ч гэсэн Ц.Оюунгэрэл лав  энэ мэтийн жижиг сажиг шүүмж маягийн юмыг тоохгүй янзтай. Ерөөсөө тэр нь ч дээр биз. Холын замд зүсэн бүрийн ноход хуцаж боргож л байдаг хойно доо. Тэгж ярих юм бол наймдугаар Богд Жавзундамба  хутагт Төвд хүн байлаа. Тэрээр Монголын тусгаар тогтнолын төлөө оройлон тэмцсэн, жинхэнэ эх оронч тэмцэгч байсан юм. Харамсалтай нь түүний алдар гавъяаг олон жил дарж, сохор, муу … өвчтэй гэх  зэргээр доромжилж, одоо ч бас эрх баригчид үнэнийг хэлэхээс зайлхийсэн хэвээрээ байгаа. Харин Ц.Оюунгэрэл бол Монгол цустай, Монгол үндэсний үзэл санаа нь бүрэн төлөвшсөн, өндөр ёс зүйтэй Монгол эх оронч эмэгтэй гэдгээ сүүлийн 30-аад жил хангалттай нотолсон. Тэгэхээр эх орны минь сайн сайхан ирээдүйн төлөө амьдарлын төөрөг хувь тавилангаар гадаад нөхөртэй болсон энэ эмэгтэй Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөж яагаад болохгүй гэж?!

Үнэндээ түүний энэ удаагийн эрс шийдэмгүй шийдэл нь Монголын бохир улс төрд шинэ содон өнгө төрх, гэрэл гэгээ авчирч байна. Ардчилсан намын дотоод амьдралд ч бас нэгэн шинэ хуудсыг нээлээ. Энэ тухай хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлүүд нэлээд үнэний ортой юм бичиж эхлэв бололтой. Тухайлбал, https://www.inews.mn/ сайт “Ц.Оюунгэрэлийн хувьд өөрийн сонирхлоор, өөрийн хүсэл эрмэлзлэлээр Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж буй анхны эмэгтэй болж байна. Зөвхөн энэ үндэслэлээр улс төрд өрсөлдөөний цоо шинэ жишгийг авчирлаа гэж болно. Магадгүй, АН дотооддоо хагаралтай, намын дарга нар тамга, тэмдгээ булаалдан зодолдож буй энэ үед өөрийн зүгээс бие даасан шийдвэрээ гаргах хэрэгтэй болсон байх. … “Эмнэсти интернэшнл” зэрэг олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шүүх, хуулийн байгууллагуудад үүсч байсан хүний эрхийн зөрчлийг арилгах, гэрч, хохирогчийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэн “Эрх чөлөө төв” ТББ-ыг байгуулан ажиллаж байсан туршлагатай, манай улстөрчдийн дотроос хүний эрхийн мэдрэмж хамгийн өндөртэй улстөрч. Хүний эрхийн мэдрэмжтэй байна гэдэг иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж, иргэдийнхээ оролцоог хангаснаар улс орноо, эдийн засгаа өөд татна гэсэн үг…” гэжээ.  Тийм ээ, тэр хүний эрхийг дээдлэн эрхэмлэгч.  

Саяхан Ц.Оюунгэрэл хэлсэн үгэндээ “Монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар сул байгааг бид ковидтой өнгөрүүлсэн нэг  жилийн хугацаанд олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох цаг ирлээ” гэсэн байна. Тиймээ, туйлдаж буй эдийн засгийг хөл дээр нь босгоход түүний хатан ухаан ихээхэн нэмэр тусыг үзүүлнэ гэдэгт олон хүн итгэлтэй байгаа ажээ. Ковид19 цар тахал дэлхий нийтийг шинэ дэг журам, шинэ төлөвлөлт, шинэ эрч хүчээр урагш тэмүүлж амьдрахыг шаардаж байна. Ийм үед Ц.Оюунгэрэл улс орныхоо гадаад нэр хүндийг өсгөж, дипломат арга ухааны өрөг дээр шинэ өрсөлдөөний “вакцин”-аар чадварлаж “тоглох” байх. Тэр өөртөө дэндүү итгэлтэй байна. Түүнчлэн АН-ыг  толгойлоод бас улс орныхоо хөгжлийн шинэ өндөрлөг өөд мацна гэдэг эмэгтэй. Тиймээс түүн рүү элдэвээр боргож дайрах хэрэггүй. Зүгээр л ажиглаад сууж бай. Тэр чадна.

О.Баяр

Нийтлэсэн: otoo.blog

сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя