
Цар тахлын шинэ голомтууд нэмэгдэж, 90 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авлаа
У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн залуу сайд Т.Мөнхсайхан цар тахлыг хумих, олон хүн халдвар авахаас сэргийлэх нэн тэргүүний ажлаа умартан халаа сэлгээ хийж, яамныхантайгаа ана мана үзэлцсээр хэдэн сарыг үдэв. Үр дүнд нь цар тахлын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, 1000 хол давчихлаа.
“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэгчээр Т.Мөнхсайхан сайд салбарынхантайгаа хэл амаа ололцохгүй байсаар, тэр хэрээр оновчтой бодлого, менежмент үгүйлэгдэж, өнөөдрийн хямралт байдлыг ужгируулчихлаа. Үнэндээ түүнд Эрүүл мэндийн сайдын сэнтий ахдаж байна. Бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбарыг хариуцах хэмжээний туршлага, хат түүнд байхгүй нь өнөөдөр нийгэмд өрнөж буй үйл явцаас тод харагдлаа.
Шинэ Засгийн газрын сайдуудын нэрс яригдаж байхад түүний нэр жагсаалтад байгаагүй. Шинээр бүрдсэн парламентын дүнд байгуулагдсан Засгийн газрын сайдуудын нэрс хэдийнэ тодорчихоод, маргааш нь УИХ-д тангараг өргөх байтал гэнэтхэн Эрүүл мэндийн сайдын нэр солигдчихсон.
Нэг ёсондоо МАН-ын Удирдах зөвлөлөөс Б.Цогтбаатарыг Эрүүл мэндийн сайдад дэмжсэн ч ганцхан шөнийн дотор тохироогоо хийж амжсан Т.Мөнхсайхан сайд өдгөө “Ковид-19” цар тахлын үед оновчтой бодлого, стратеги, эмч эмнэлгийн ажилтнуудынхаа хүчийг зөв хуваарилах, тархвар судлаач эмч нартайгаа тулж ажиллах гэх мэт амин чухал ажлуудад үнэхээр “жулдаж” байна.
Салбарын яамнаас өгсөн тандалт судалгааны дүнг үндэслэн УОК шийдвэрээ гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж буй. Гэтэл Т.Мөнхсайхан багаа муу удирдаж, ажилдаа хариуцлагагүй хандаж байгаагаас нийгэм даяараа “Ковид-19” тусчих вий гэсэн айдас дунд амьдарч байна.
Хөл хорио удаа дараа тогтоож буй ч тэр хугацаандаа авч хэрэгжүүллсэн арга хэмжээ нь хангалтгүй учраас өнөөдөр цар тахлын шинэ голомт энд тэнд үүсчихлээ. Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсоны дараа олон нийт “Залуу хүн, энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт хийж, өөр өнгө бий болгох байх.
Үгүй ядаж иргэд улсын эмнэлгийн үйлчилгээг чирэгдэлгүй авч, даатгал төлснийхөө үр шимийг бага ч атугай хүртэх байх. Иргэддээ чиглэсэн болон эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хангамж нэмэгдэж, орчин нөхцөл ч сайжрах болов уу” гэсэн хүлээлт, их итгэл өгөөд байсан.
Гэвч тэр салбар удирдсан зургаахан сарын хугацаандаа тараа хангалттай таниулчихлаа. Дотооддоо цар тахлыг алдаж, тархалтыг хумиж чадаагүйгээр үл барам эрүүл мэндийн салбараа ч уналтад оруулж, яам болон томоохон эмнэлгүүдийн дотоодод үүссэн халаа сэлгээ, бужигнаан гээд өндөржүүлсэн бэлэн байдлын үед ёстой л хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж сууна.
Цар тахлыг дотооддоо алдсанаас үүдсэн сөрөг үр дүнг нийтээрээ хүртэж байна. Эрүүл мэндийн сайд ийм үед “Ковид-19”-ийг дотооддоо алдахгүйн тулд өдөр шөнийг умартан ажилласан ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд, түүний удирдлагатай ч хэл амаа ололцохгүй байснаас ажил хэдэн талд цалгардаж, байдал өнөөдөр балрахдаа тулав. “Т.Мөнхсайхан сайд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй муудалдцсанаас болж, тус эмнэлэгт тусгаарлалтад байсан иргэдийг Цэргийн төв эмнэлэг рүү зөөж гэнэ, цар тахлын талаар авч хэрэгжүүлэх санал, зөвлөмж ХӨСҮТ-ийнхнөөс авахгүй байна” гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа ч гарав.
Одоогоор ХӨСҮТ-ийн 19, Цэргийн төв эмнэлгийн 17, ХСҮТ-ийн тав, “Баянзүрх” эмнэлгийн 27 эмч, ажилтан цар тахлаар өвчлөөд байна. Мөн Говь-Сүмбэр аймагт эрүүл мэндийн байгууллагын хоёр, Сэлэнгэд 19 ажилтан коронавирусаар өвчилжээ.
Дайны хажуугаар дажин гэгчээр Т.Мөнхсайхан ийн асуудлаа эрэмбэлж чадалгүй өдөр хоногийг аргацаасан нь хүн амынхаа эрүүл мэндийг үл тоож, эрх мэдэл, албан тушаалыг нэгдүгээрт эрэмбэлсний тод жишээ болж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд ч шил дараалан “Ковид-19”-өөр өвчлөх болов.
Харин салбарын сайд Т.Мөнхсайхан “Эмч нарын ажлын ачаалал өндөр байгаагаас дархлаа нь муудаад өвчлөл авсан зүйл байхгүй. Бид байнгын зохицуулалт хийж байгаа. Цэргийн эмнэлэгт давхар бүрд өөр өөр баг ажиллаж байна. Эмнэлгийн ажилчид тусгаарлагдаад энгийн амьдралдаа орж эхэлсэн. Дархлаа сулрах хүртэл ажилласан зүйл алга” хэмээн хээвнэг хариулж байх юм.
Манайд эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөц хэр байгаа билээ. Ердөө арав гаруйхан хоногийн өмнө “Ковид-19”-ийн халдвараар 41 эмч, эмнэлгийн ажилтан өвчлөөд байсан бол өнөөдөр энэ тоо 90-д хүрэв. Арав гаруйхан хоногт нэг дахин их эмнэлгийн ажилтан цар тахлаар өвчилсөн нь цаашид оновчтой бодлого явуулахгүй бол бид галын шугаманд ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ муудах вий гэх болгоомжлол төрж байна.
Бусад чиглэлийн эмчийг татан ажиллуулж болно гэх бэлэн хариултыг салбарын сайд өгч буй ч эмч, мэргэжилтнүүд чиглэл чиглэлдээ ажлаа хийхгүй бол бөөр, зүрх, элэг нь өвдсөн өвчтөн эмчид үзүүлэхгүй байх хэрэг үү. Одоогоор ХӨСҮТ-ийн 19, Цэргийн төв эмнэлгийн 17, ХСҮТ-ийн тав, “Баянзүрх” эмнэлгийн 27 эмч, ажилтан цар тахлаар өвчлөөд байна. Мөн Говь-Сүмбэр аймагт эрүүл мэндийн байгууллагын хоёр, Сэлэнгэд 19 ажилтан коронавирусаар өвчилжээ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал бага гэж Т.Мөнхсайхан сайд хэлсэн. Гэтэл эмнэлгүүдэд сүүлийн өдрүүдэд хүнд, маш хүнд өвчтөн хэвтэн эмчлүүлэх нь нэмэгдэж байгаа аж.
Мэдээж, ийм хүмүүст асаргаа, сувилгаа удаан хугацаанд шаардлагатай учир эмч, сувилагчдын дархлаа муудаж, цар тахлаар өвчлөх нэг шалтгаан болж буй гэсэн. Үүнийг салбарын сайд нь тоосон шинжгүй байгаа нь хөрсөн дээрээ буугаагүй, бодит байдалтай газар дээр нь танилцаагүй, эмч, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүй байгаагаас амьдралд наалдацгүй шийдвэр болж гарахад хүргэж байна.
Дээрээс нь цар тахлын вакцин авах асуудалд Сангийн сайдын амыг харж, салбарынхаа асуудлыг улсын төсөв мөнгө барьдаг хүнд “даатгаснаас” энэ ажил удааширч байна. Цар тахлын шинэ голомт үүсэж, өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ үед яаралтай вакцинжуулах нь нэн тэргүүний ажил болоод буй ч Т.Мөнхсайхан сайд “Судална” гэх ганцхан үгтэй, хариулттай сууна.
С. БАТЗАЯА
