Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй УИХ нь өөрөө шигшив болоод дуусах юм байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг өнгөрсөн сарын 25-нд хянан хэлэлцсэн. Улмаар энэхүү хууль нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд буй. Өөрөөр хэлбэл, 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах зохицуулалтыг тусгасан хууль Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн юм. Харин Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Ингэснээр уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болов.

Чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд үг хэлснийг тоймлон хүргэе.

С.Одонтуяа “Би Цагаатгалын комиссын даргын хувьд олон хүн хэлмэгдсэн хэрэгтэй танилцаж байна. Улс төрийн нөлөө маш их ордог юм байна. Улстөржихгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь чухал бус уу. Авлигачдыг дэмжсэн зохицуулалтыг өмнөх парламент баталсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр авлига, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүнийгээ засах гэж байгаад хүний эрхийн асуудлыг бүр дордуулчихлаа” гэв.

Х.Нямбаатар “2017 оны долоодугаар сарын 1-нээс өмнө тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагад татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог байсан. Харин 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойш гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолдог болсон. Ингэснээр гэмт хэрэгт холбогдогчид шүүх хуралдааныг хойшлуулах, хуралдуулахгүй байх арга сэдэж эхэлсэн. Өмгөөлөгчөө солих, хүндэтгэх шалтгаан хэлэх гэх мэт сөрөг үр дагаврууд гарсан.

Эрүүгийн хэм хэмжээнд хоёр маргаантай асуудал байдаг. Материаллаг хэм хэмжээ буюу эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл, холбогдогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ял шийтгэлийг багасгах бол буцаан хэрэглэж болно. Харин процессын хэм хэмжээг буцаан хэрэглэдэггүй. Үндсэн хуулийн Цэц нь эрүүгийн хуулийн 1.10 дахь заалтыг процессын шинжтэй хэм хэмжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна” гэлээ.

Т.Аюурсайхан “Хуульд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаагаар олон хэргийг хэрэгсэхгүй болсон. Ийм завхралыг бий болгосон асуудлыг хэн хариуцах вэ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр журмын хууль баталсан. Гэтэл энэ нь Үндсэн хууль зөрчсөн болчихлоо. Бид өнөөдөр Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байж болно. Гэвч Цэц Их суудлын хуралдаанаараа дахиад л ингэж шийдвэрлэнэ. Ийм эвгүй байдалд парламентыг оруулж байна шүү дээ. Цаашдаа яаж алдаагаа засах юм бэ. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ бодох хэрэгтэй”  хэмээв.

Тэгэхээр эрх зүйн зохицуулалтын  ийм төвөгтэй байдлыг хэн бий болгов. Мэдээж, энэ бол сүүлийн хоёр удаагийн парламетад үнэмлэхүй олонх болсон МАН-ынхны зохион байгуулалттайгар хийсэн хуулийн хулгай нь одоо ингэж гай тарьж байгаа юм. Тухайн үед одоогийн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхдээ хөөн хэлэлцэх хугацаагаар олигархи луйварчидаа ялгүй авч гарах намын доторх бүлэглэлийнхээ захиалгыг биелүүлсэн нь энэ юмсанж. Түүний нэг хамжигчаар Ш.Раднаасэд нь ажилласан бололтой.  Тэгээд хуулийн хулгайн  хэрэг нь улайгаад ирэхээр тэд бие бие рүүгээ бурууг чихэх гэж оролдож байгаа ажээ.

Энэ хэрүүл маргаан хэдий хугацаанд үргэлжлэхийг бүү мэд.  Ямартай ч Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй УИХ нь өөрөө шигшив болоод дуусах тийшээ хандаж байна.

О.Баяр

Нийтлэсэн: otoo.blog

сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя