
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлалт хэвлэлийн хурлаа өчигдөр хийлээ. Эл арга хэмжээнд Оросын болон гадаадын 774 сэтгүүлч оролцсон бөгөөд хурал 4 цаг 29 минут үргэлжилсэн байна. Цар тахлын улмаас энэ удаагийн хэвлэлийн хуралд Ерөнхийлөгч Путин өөрийн Ново-Огарево дахь өргөөнөөсөө дүрс бичлэгээр сэтгүүлчидтэй холбогдсон байна. Энэ хугацаанд Оросын удирдагч 50 гаруй асуултад хариулжээ. Тэдгээрээс хамгийн их сонирхол татсан асуулт хариултуудыг сийрүүлбэл:
Барууны орнуудтай харилцах харилцааны талаар
Өрнөдийн орнуудтай харилцаа муудсанд Орос улс буруутай гэдгээ мэдэрдэг үү гэсэн сэтгүүлчийн асуултад “Бид Зөвлөлт засгийн тодорхой дарангуйллаас хараат бус хөгжихийг хүссэн улс орон, ард түмнүүдийг чөлөөлөхөөр шийдсэн тул бид цагаан цайлган нүгэлгүй юм. НАТО зүүн зүгт тэлэхгүй гэсэн та нарын (Барууны орнууд) амлалтад бид итгэсэн . Гэвч та нар амлалтаа биелүүлээгүй ” гэж Путин хариулжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр НАТО-гийн цэргийн дэд бүтэц ОХУ-ын хилд ойртож байгаа бөгөөд АНУ олон улсын гэрээнүүдээс гарч байна. Вашингтон “Пуужингийн довтолгооноос хамгаалах тухай” хэлэлцээрийг орхиход Москва эл үйлдэлд хариу өгөхөөс өөр аргагүйд хүрч өөр заналхийллийг зогсоохын тулд зэвсгийн шинэ систем бий болгосон. “Бид за тэгье, Америкийн зэвсэг Европт гарч ирэх хүртэл бид ийм зэвсэг үйлдвэрлэхгүй, байрлуулахгүй гэж хэлсэн. Гэтэл үүнд хэн ч бидэнд юу ч хариулдаггүй, хариу үйлдэл үзүүлээгүй. Дараа нь тэд “Нээлттэй Тэнгэр” гэрээг орхисон. Бид тэгээд яах ёстой вэ?
Уулын Карабахын талаар
Владимир Путины үзэж буйгаар 2020 оны хоёрдугаар сард Уулын Карабах дахь мөргөлдөөн хурцадсан нь гаднын хүчний оролцоотойгоор бус олон жилийн хурцадмал байдлын дараа нөхцөл байдал хяналтаас гарчээ. “Зөрчилдөөн, жижиг зэвсэгт мөргөлдөөн олон удаа гарч байсан. Сумгаитаас эхэлсэн жижиг ястны эл мөргөлдөөн эцэст нь үндэстэн хоорондын зөрчилдөөн болон хувирч, Уулын Карабах хүртэл тархжээ. Энд тал болгон өөрийн гэсэн үнэнтэй байдаг. Уулын Карабахын Армян үндэстнүүд өөрсдийн амь нас, нэр төрийг хамгаалахын тулд зэвсэг барьсан удаатай. Улмаар энэ жил зөрчил хурцдах болсон нөхцөл байдал бий болсон юм” гэж ерөнхийлөгч хэлсэн байна.
Цар тахал, вакцинжуулалтын тухайд
Путиний мэдэгдсэнээр, дэлхийн нэг ч улс ийм цар тахалд бэлэн биш байсан. Гэхдээ ОХУ бусад улс орнуудаас илүү бэлэн байсан гэж тэрбээр үзэж байна. “Бид түргэн шуурхай бэлтгэж эхлэхийн тулд цаг хугацааг хожсон, эрүүл мэндийн тогтолцоо гээд цар тахалтай тэмцэхтэй холбоотой бүхнийг маш хурдан өргөжүүлж эхэлсэн” гэж тэрбээр хэлсэн байна. ОХУ коронавирусний вакциныг бүртгэсэн дэлхийн анхны улс болсныг Путин дахин дурдав. “Аюулгүй, хурдан үйлчилгээтэй сайн вакцин” гэж тэрбээр Оросын вакциныг магтаад, цар тахлыг ялан дийлэхийн тулд бүх нийтийг вакцинжуулах шаардлагатай гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Өөрөө вакцин хийлгэсэн үү гэсэн асуултад тэрбээр наснаасаа болоод хараахан хийлгэж чадаагүй байна гэж хариулав. Путин 10 дугаар сард 68 нас хүрсэн юм. “Хэрэглээнд нэвтрүүлж байгаа эдгээр вакциныг тодорхой насны иргэдэд зориулагдсан гэж мэргэжилтнүүд бидэнд хэлж байгаа. Вакцинууд над шиг хүмүүст хараахан хүрч амжаагүй байгаа. Би дахин давтан хэлье, энэ утгаараа би хууль дүрмийг нэлээд сахидаг хүн, би мэргэжилтнүүдийнхээ зөвлөмжийг сонсож байгаа тул вакциныг хараахан хийлгээгүй байгаа. Гэхдээ боломжтой болмогц би заавал хийлгэнэ” гэж Путин хэлжээ. “Спутник” вакциныг үр дүнтэй, аюулгүй гэж дүгнэсэн судалгаанд 60-аас доош насны ердөө 76 хүн оролцжээ. 60-аас дээш насны хүмүүст туршиж үзээгүй байгаа аж.
А.Навальный талаар
Сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный Томскоос Москва чиглэн нисэх онгоцны нислэгийн үеэр Оросын сөрөг хүчний төлөөлөгч, улс төрч Алексей Навальный гэнэт бие нь муудаж, улмаар онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон Навальныйг “Cinema for Peace” сангийнхан тусгай онгоцоор Германд авчран, Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлсэн юм. Навальныйн бие муудсан даруйд түүнийг хордуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байлаа. Оросын тал энэ хувилбарыг няцаасан ч есдүгээр сарын хоёрны өдөр Герман улс Навальныйг “Новичок” бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгдсэн.. Энэ талаарх асуултад Путин “Тусгай албад тэднийг ажиглах ёстой. Гэхдээ энэ нь хордуулах хэрэгтэй гэсэн үг биш” хэмээн Путин мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Берлиний эмнэлгийн өвчтөний тухайд гэвэл зарим зүйлсийг давтан хэлье. Берлиний эмнэлгийн энэ өвчтөн АНУ-ын тусгай албадын дэмжлэгийг авдаг. Тэгэхээр тусгай албад түүний хойноос ажиглах ёстой. Гэхдээ энэ нь түүнийг хордуулах ёстой гэсэн үг биш. Тэр хэнд хэрэгтэй юм? Хүссэн бол гүйцээчих л байсан шүү дээ” хэмээн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Ингэхдээ Путин Навальныйг овог, нэрээр нь нэрлэлгүй “тэр”, “алдартай блогчин”, “Берлиний эмнэлгийн өвчтөн” гэх зэргээр нэрлэж байлаа.
Фурголын хэрэг ба Сафроновыг буруутгасан тухайд
ОХУ-ын Ерөнхийлөгч захиалгат аллагын хэргээр баривчлагдсан Хабаровск мужийн амбан захирагч асан Сергей Фургалтай ямар ч асуудалгүй байсан гэдгээ мэдэгдэв. Путиний хэлснээр, бүс нутгийн захирагч асан “Холбооны улсын эрх баригчдад үнэнч хүн байжээ”. Фургалын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг нь улс төрийн мөрдөн шалгалт биш гэдгийг тэрбээр батлан хэлсэн байна. Роскосмосын тэргүүний зөвлөх, сэтгүүлч асан Иван Сафроновыг эх орноосоо урвасан гэж буруутгасан нь түүний сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоогүй гэж Путин мэдэгджээ. Түүний хэлснээр, Сафроновын хэрэг Дмитрий Рогозиныг Засгийн газарт болон Роскомост ажиллаж байх үед туслах, зөвлөхөөр ажиллаж байсан үетэй нь холбоотой байна”. Оросын Ерөнхийлөгч “Коммерсантъ” сонины сэтгүүлч Андрей Колесниковоос тавьсан Сафроновын талаарх асуултад хариулахдаа урвалт бол хамгийн том нүгэл гэж хэлжээ. ОХУ-ын шүүх, хууль сахиулах тогтолцоо улс төрийн хувьд хараат бус байж, хүн бүрт тэгш хандана гэдэгт Путин итгэлтэй байна.
2024 оны сонгуулийн тухайд
2024 оны сонгуульд оролцох боломж өөрт нь байгаа ч тэрээр нэрээ дэвшүүлэх эсэхээ хараахан шийдээгүй байгаа аж. Путины онцолсноор “Сонгуульд оролцох эсэхийг нь ард түмэн шийдэх” гэнэ. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд өөрт нь ийм боломж олгох нь хэр үнэ цэнэтэй вэ гэдэг талаар бодлоо хуваалцахдаа Ерөнхийлөгч нэг нийтлэг дүрэм байдаг тухай дурджээ. “Энэ асуултад хариулахдаа та бидний хийж байгаа зүйл улс орны төлөө хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв хэрэгтэй биш бол энэ нь үнэ цэнэтэй биш, хэрэв тийм бол хийх нь зүйтэй “гэж Путин онцолсон байна.
Аз жаргалтай гэр бүлийн нууцын талаар
“Аз жаргалтай гэр бүлийн нууц юунд байдаг вэ” гэсэн асуултад төрийн тэргүүн “Энд ямар ч нууц байдаггүй. Энэ бол зүгээр л хайр. Энэ нь зөвхөн гэр бүлийн төдийгүй ард түмний харилцааны суурь болох ёстой” гэжээ. Эцэст нь Путин хэвлэлийн хурлын төгсгөлд “Шинэ жилээр “Оросын төлөө” гэж гол хундагаа өргөнө” гэлээ. Эл ерөөлийг түүний гэр бүл, найз нөхөд нь хуваалцаж байгаа аж. “Бид бүгдээрээ хайртай хүмүүсийнхээ, гэр бүлийнхээ, найз нөхдийнхөө, хамт олныхоо төлөө гээд олон хундага өрдгөдөг байх, гол нь оргилуун дарсныхаа хэмжээг хянах л явдал юм” хэмээн онцоллоо.
