Б.Энхбаяр: Мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа хариуцлага тооцох нь зүй ёсны юм

Аравдугаар сарын 30-нд “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын нэр дээр хөрөнгө хуримтлуулах тоглолт болж,  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Соёлын сайд С.Чулуундаа батламж гардуулах  зэргээр засгийн томчууд ихэд хөөрцөглөв. Энэ өдөр Засгийн газрын санаачилж байгуулсан гэх уг ТББ-д Чингэлтэй дүүргийн V  хорооны нутаг дэвсгэрт 11,000 квадрат метр газрын  гэрчилгээ олгожээ. Мөн тэрхүү тоглолтын үеэр иргэдээс 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулж, хотын захирагч Д.Сумъяабазар  хотынхоо захиргаанд харъяалагддаг бүх ажилтнуудынхаа нэг өдрийн цалинг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр шууд татаж аваад нийт 1.5 тэрбум төгрөг өгсөн байна. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Соёлын ямныхаа дэд сайдын удирдах болсон тус ТББ-д 10 тэрбум төгрөгийг Засгийн газрын хөрөнгөөс олгох болов. Өөрөөр хэлбэл, тэр нэгэн өдөр сайд дарга нар тийнхүү   “Хүүхдийн төлөө фонд” хэмээх төрийнхний оролцоотой ТББ-ыг баахан сурталдаж өнжив.

Гэвч тэдний ийм  арга хэмжээг учир мэдэх хүмүүс  хууль зүйн талаас нь эрс буруушааж байна. Учир нь дээрх ТББ нь 14 хоногийн өмнө байгуулагдсан бөгөөд хувь эзэмшигчид нь “Херо” Баатар, Соёлын дэд сайд М.Батбаяр нар ажээ. Иймд цугларсан мөнгө хүүхдийн төлөө бүрэн зориулагдаж, зарцуулагдаж чадах уу гэдэгт олон нийт эргэлзэж,  шүүмжлэх нь зүйн хэрэг биз. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хандивын тоглолтын талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.   Тэрбээр “Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. 

Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар Төрийн бус байгууллага байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино.УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компанууд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа.  

Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларнаа. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа. 

Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан ширхэг нь байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа гэхүүдээ. Ер нь бол манай улс саарал жагсаалтанд орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байнаа гэдэг асуудлаас болсон юм байгаа юм шүү дээ” гэжээ. 

О.Баяр

Нийтлэсэн: otoo.blog

сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя