
Дөрвөн удаа ял шийтгүүлсэн, маш ноцтой гэмт хэрэгтнийг Монгол Улс даяар эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Мөнхтайван овогтой Мөнх-Од арванхоёрдугаар сарын 17-нд “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрыг бусадтай бүлэглэн дээрэмдээд зугтсан аж. Эрэн сурвалжлагдаж буй эл этгээд өнгөрсөн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн “Да хүрээ” авто худалдааны төвийн ойролцоох “Сайн” болон Сүхбаатар дүүрэгт байрлах “Бан Бан” ломбардыг мөн тоножээ.
Сэжигтэн нь хэрэг үйлдэх үедээ цэнхэр өнгийн чихэвчтэй малгай, хар куртик, гутал, саарал өмдтэй явсан нь камерын бичлэгт үлджээ. Түүний содон тэмдэг нь баруун мөр болон зүүн гарын шуундаа шивээстэй, халзан, онигор нүдтэй аж.
Цагдаагийнхан хэргийг үйлдсэн гурван хүнийг баривчилсан байна. Тодорхой хэлбэл, 13 сая төгрөгийг бэлнээр авч, 1600 гаруй нэр төрлийн 200 орчим сая төгрөгийн эдлэлийг дээрэмдсэн нь хурууны хээ, дүрс бичлэгээр батлагдсан тул М.Мөнх-Од, түүний хоёр хамтрагчийг саатуулан шалгаж байж. Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сард түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналаар батлан даалтад гаргасан гэнэ. М.Мөнх-Од ийн батлан даалтад байх хугацаандаа дахин өөр хүнтэй бүлэглэн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Сайн” ломбардад халдсан хэрэг сэжигтнээр татагдлаа. Одоогоор “Сайн” ломбардаас 2000 гаруй хүний 600 сая орчим төгрөгийн эд зүйл алдагдсан гэх урьдчилсан тооцоо гарчээ.
“Сайн” ломбардыг дээрэмдсэн хоёр этгээдийн нэгийг нь саатуулаад байна. Харин М.Мөнх-Од оргон зайлсныг дээр дурдсан. Оргон зайлсан этгээд нь 2006 оны зургадугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс хүн амины хэргээр ял шийтгүүлж байжээ. Улмаар сар хүрэхгүйн дараа буюу 2006 оны долдугаар сарын 7-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорихоос суллагдсан байна. Гэсэн ч гэмт этгээд засарсангүй. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, иргэдийг дээрэмдсэн, танхайрсан хэргээр 2010 оны арваннэгдүгээр сарын 9-нд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээс ял шийтгүүлжээ. Ял шийтгүүлсэн М.Мөнх-Од нь Багануурын хорих ангиас оргож байсан аж. Түүний өдүүлсэн хэрэг үүгээр дууссангүй 2016 оны нэгдүгээр сарын 18-нд бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр дөрөв дэх удаагаа ял сонссон аж. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард хорих ангиас суллагдсан байна. Өмнө нь гэмт хэрэг үйлдээд тэрбээр мөн л оргон зугтаж байсан гэнэ. Цагдаагийнхан түүнийг баривчлахын тулд нэлээд эрэл сурал болж байж. М.Мөнх-Од нь суллагдсанаасаа хойш нэг жилийн хугацаанд биеэ үнэлэгчидтэй ойр байсныг эх сурвалж хэлсэн юм. Ломбард бүлэглэн дээрэмдсэн этгээдүүд нь бүгд хамт ял эдэлж байсан гал хамууд нь гэнэ. М.Мөнх-Од нь бүтэн өнчин, харж хандах хийгээд хэлж зөвлөх хүнгүй, тарчиг ядуу, хайр халамж үзээгүй шахам өссөн нэгэн аж. Хорих ангиудаар хүмүүжүүлээд ч томоожоогүй түүнийг юу ч хийхээс буцахгүй гэдгийг хуулийнхан анхааруулж байна. Сэжигтэн нь хэрэг үйлдэх үедээ цэнхэр өнгийн чихэвчтэй малгай, хар куртик, гутал, саарал өмдтэй явсан нь камерын бичлэгт үлджээ. Түүний содон тэмдэг нь баруун мөр болон зүүн гарын шуундаа шивээстэй, халзан, онигор нүдтэй аж.
Д.Пүрэв
