
Ертөнцийг харах нэгэн цонх бол уран зураг гэдэгтэй хүн бүр санал нэгдэх байх. Тэгвэл Испанийн алдарт зураач Пабло Руз Пикассогийн уран зурагтай танилцаж ертөнцийг өөр өнцгөөс тольдон харцгаая.
Зураач Пабло Руз Пикассо нь 1881 онд Испаний Малагад төрсөн. Тэрбээр, “Би Рафаэль шиг зурж чадах хэдий ч, хүүхэд шиг зурж сурахад надад урт хугацаа шаардагдах болно” хэмээжээ. Ингээд Пабло Пикассо The Visit (The two sisters) зургийг Реалист зураач Х. Баярын тайлбараар хүргэж байна. Хамтдаа сонгодог зураг уншъя
Амьдралын эрхэнд биеэ үнэлэгч эмэгтэй аргаа баран ариун сүмд ирнэ. Гэлэнмаагийн гарт түүний төрөөд удаагүй хүүхэд байна… Зовлонт эх нь хүүхдээ хийдэд өгөхөөр ирсэн нь энэ аж. Гэлэнмаа өөр хүний нүглийн үр жимсийг хүлээн авахад бэлэн байх бөгөөд залуу эхийн сэтгэлийн шаналлыг хуваалцан, тайвшруулах мэт түүний биеийг түшжээ. Эмэгтэйчүүд бие биенийхээ өмнө толгой гудайна. Энэ зохиомж танд уучлал ба цагаатгалыг хоёуланг нь мэдрүүлнэ.
Энэхүү зураг нь Христийн шашны эртнээс тогтсон хэв маяг, бэлгэдлийн шинж чанартай гэж судлаачид үзсэх нь олонтаа ч энэрэн нигүүлсэх, уучлан өршөөх хүний дээд сэтгэлийг өгүүлжээ. Пикассо энэ зургаа 1902 оны зун Испанийн Барселонад зуржээ. Сэтгэл санааны эмгэнэлт дүр зургийг гаргаж ирэх нь түүний Хөх үе дэх хамгийн чухал зүйл байлаа. Өвдөлт ба уйтгар гунигаас урлаг төрүүлэх нь Пикассо-гийн хандлага байв.
Тэрээр энэ хугацаанд хараагүй, ядуу, гунигтай ээжүүд, биеэ үнэлэгчдийн талаар нилээд судалгаа хийсэн байдаг. Парис хотод айлчлах үеэрээ Пикассо биеэ үнэлэгчдэд зориулсан Сент-Лазарийн эмнэлэгт зориудаар очиж, тэнд нь ноорог зураг зуржээ.
Пабло Пикассо The Visit (The two sisters) 1902 он Зотон тос Хэмжээ:
152×100 см Эрмитажийн музей Хөх үе/1901-1904 #мэдлэгт_дусал_нэмэр_реалистбая
