
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай Цагаан эрэг гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр гянтболд олборлож, түүнийгээ хяналт шалгалтаас гадуур байлгахын тулд цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнуудад хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэлд элсүүлсэн хэрэгт холбогдсон “Белон” компанийн захирал Р.Баатархүү, УЕПГ, Хууль зүйн яаманд өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшлуулаад байгаа. Учир нь шүүгдэгч Да.Пүрэвдорж, Б.Сүхбаатар нар эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ сарын 21-нд товлосон хуралд ирээгүй, М.А.Кожинов Дорноговь аймгийн Айраг сумд хөл хорионд орсон, Ц.Ганболдын өмгөөлөгчийн хурал давхацсан, Ж.Өнөржаргалын өмгөөлөгч коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон учраас ийнхүү хойшлуулсан юм.
Энэ хэргээс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн дарга асан, дэд хурандаа С.Батзаяад холбогдох үйлдлийг тусгаарлаж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, Москва дахь манай улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Галсандондог нарт холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээчихээд буйг бид энэ сарын 21-ний дугаартаа “БОАЖЯ-ны газрын дарга зөвшөөрөл олгоогүй бол олон хүн хэрэгтний ширээнд суух байсан уу” нийтлэлээр хүргэсэн. Тэгвэл энэ удаа бид Ховдын болон тус аймгийн Цэцэг сумын удирдлагыг ямар үндэслэлээр буруутган гэм буруутай, эсэхийг нь тогтоохоор болсныг тодруулъя.
ИТХ-ЫН ДАРГА НАР, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ БУСДЫН ДАНСААР “ШАГНАЛАА” ДАМЖУУЛСАН ГЭВ ҮҮ
“Белон” компанийн захирал Р.Баатархүү, УЕПГ, Хууль зүйн яаманд өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат нарын байгуулсан гэмт бүлэглэлд Ховд аймагт АН, МАН-аас сонгогдсон ИТХ-ын дарга нар, Засаг даргын орлогч албан тушаалтай хүмүүсийг элсэж, эрх мэдлээ ашиглаж хахууль авсан гэж буруутгаж байгаа юм. Тухайлбал, сүүлийн хоёр ч орон нутгийн сонгуулийн үр дүнд ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж буй Г.Пүрэвгандийг Р.Баатархүү, Х.Бат-Эрдэнэ нараас 2016 оны аравдугаар сард бусдаар дамжуулан таван сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллагдагчаар тооцжээ. Түүнийг 2015 оны долдугаар сарын 3-нд баталсан 82 дугаартай Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журмыг хүчингүй болгох саналыг аймгийн ИТХ-д оруулалгүй, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, 2017 оны тавдугаар сарын 31-нд ИТХ-ын тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолоор журамд өөрчлөлт оруулсан атлаа түүнийгээ хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлээгүйн төлөө дээрх хэмжээний мөнгө хахуульд авсан гэх хэрэгт холбогдуулжээ.
Тэгвэл түүний өмнө ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг дээрх 82 дугаар тогтоолыг баталж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийгээд зогсохгүй хуулийн дагуу ХЗДХЯ-нд уг тогтоолоо бүртгүүлээгүйнхээ төлөө Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нараас гурав, Р.Баатархүүгээс удаа дараагийн үйлдлээр нийт 41 сая төгрөг хахуульд авсан хэмээн буруутгаж буй юм билээ. Уг мөнгөнийхөө нэлээд хэсгийг бусдын дансаар, 5-6 саяыг нь бэлнээр авсан хэмээн тогтоосон байна.
Харин Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэгийг дээрх тогтоолыг хүчингүй болгох санал оруулалгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бэлэг, хандив авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж буруутгах үндэслэл бүрджээ. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцаа авах, хүсэхийг хориглоно” гэснийг зөрчин “Белон” ХХК-ийн захирал Р.Баатархүүгээс 2016 оны арванхоёрдугаар сараас хойш 10 удаагийн гүйлгээгээр түүний хүү Б.Бат-Энэрэлийн дансаар дамжуулан өөрийнхөө хүүгийн дансанд 16.6 сая төгрөг авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэнэ. Энэ тухай Ч.Уранчимэгийн хүү нь “Ээж Р.Баатархүү ахтай очиж уулзаад намайг дагуулаад ирээрэй гэсний дагуу “Белон” компанийн байранд түүнтэй уулзуулсан. Удалгүй зөөврийн компьютер аваарай гээд 1.7 сая төгрөг шилжүүлснийг ээж “Мөнгөний хэрэгтэй байна” гээд 1.65 саяыг нь авсан” гэх зэргээр мэдүүлсэн аж.
“ӨГӨӨЖТЭЙ ӨВ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЧИХООД ХАХУУЛИАР “НҮДЭЭ ТАГЛУУЛАВ”
Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр гянтболд олборлож байсан “Өгөөжтэй өв” компанийнхны хууль зөрчсөн үйл ажиллагааг хамгаалалтын Захиргааны албан тушаалтнууд мэдэж байсан ч хахууль аваад харсан ч хараагүй юм шиг өнгөрөөж байсан бололтой. Тиймдээ ч хэд хэдээрээ яллагдагчаар татагдан, шүүгдэгчийн ширээнд сууж байгаа юм. Тухайлбал, Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Дэ.Пүрэвдоржийг 2016, 2017 онд дээрх компанийнхантай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоогоогүйнхээ хариуд Р.Баатархүүгээс 10.9 сая төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр буруутгаж буй юм билээ. Дэ.Пүрэвдоржийн удирдлагад үүрэг гүйцэтгэж байсан мэргэжилтэн П.Галцог уг нь “Өгөөжтэй өв” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, экскаватор, ковшийг нь лацдан, акт үйлдээд байсан ч Р.Баатархүүгээс 1.5 сая төгрөг аваад хууль бус үйлдлийг хараагүй юм шиг өнгөрөөсөн хэрэгт холбогдсон байна. Мөн тус газрын байгаль хамгаалагч Ч.Галбадрахыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйнхээ төлөө 6.1 сая төгрөг хахуульд авсан гэж буруутган яллаж буй аж. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны хамгаалалт хариуцсан ажилтан нар байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажлыг түр зогсоох, тэдгээрт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, шаардлага тавих бүрэн эрхтэй гэж заасан ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, мөнгөөр “нүдээ таглуулсан” учраас ийнхүү шүүгдэгчийн ширээнд суусан байна.
Тэднээс гадна хууль сахиулан, төрийн хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх ёстой мэргэжлийн хяналтын байгууллагын албан тушаалтан нь гурван сая төгрөгийн хахууль авчихаад хууль бус үйлдлийн талаар юу ч мэдээгүй мэт өнгөрч байжээ. Хэдийгээр оймсондоо хахуулийн мөнгөө чихэж буй нэгний хажууд авсан мөнгө нь бага мэт боловч алсдаа экологид учруулсан хохирол нь маш их гэдгээрээ Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Ганзоригийн үйлдэл ихэд хортой. Уг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох” үүрэгтэй атлаа 2017, 2018 онд шалгалтаар оччихоод экологид хохирол учруулсан үйлдлийг нь хараагүй мэт өнгөрөөсөн нь түүнийг буруутгах үндэслэл болжээ.
ЦЭЦЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГА ОРОСУУДААС МӨНГӨ АВЧЭЭ
Энэ хүмүүсээс гадна Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга асан Д.Цогбадрах, Ж.Мөнхзориг, ИТХ-ын дарга асан Б.Сүхбаатар тэргүүтэй албан тушаалтнуудыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулсан юм. Тухайлбал, Д.Цогбадрах, Б.Сүхбаатар нар “Өгөөжтэй өв” ХХК-ийнхантай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, Засаг дарга нь 10, ИТХ-ын дарга нь Р.Баатархүү, Б.Үнэнбат нараас 9.8 сая төгрөг авсан гэнэ. Мөн Д.Цогбадрахыг нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүйгээр Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас гянтболд олборлож, экологид 14.7 сая төгрөгийн хохирол учруулсныг ч мөрдөгчид тогтоосон юм байна.
Харин Засаг дарга Ж.Мөнхзоригийг ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов нараас 60 сая төгрөгийн хахууль авч, “Топ маунтайн” компанийг нь нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжээр шалгаруулахаар урьдчилан амлаж, найман га талбайг нөхөн сэргээлгэхээр сонгон шалгаруулалт зарласан атлаа 18.62 га-д ажиллуулах зөвшөөрөл олгосон хэмээн буруутгажээ. Мөн Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхмандахыг нөхөн сэргээлт явуулах нэрээр ашигт малтмал олборлож, байгаль орчинд 185 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Г.Равжаа
