
Ерөнхийлөгчийн шинэ оны “сюрприз” таавар хэвээр байсаар өрх бүрт нэг сая төгрөгтэй тэнцэх ваучер хавьцаа очоод хүлээлт өндөрлөв. Харин түүний гэнэтийн бэлгийн “нууц” нь оргилуун дарс буудуулахаас нэг хоногийн өмнө болоод өнгөрчихөв үү гэж харагдлаа.
Монгол Улсын Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаараа “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулав. Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах санхүүжилтийг тус сан гаргах бөгөөд фондод тодорхой санхүүжилтийн эх үүсвэр олгохоор уг хуралдаанаар шийдвэрлэсэн.
Гэтэл энэ “Хүүхдийн төлөө фонд”-ынх нь хөрөнгийг хандиваар цуглуулах шоу тоглолт уг тогтоол батлагдсанаас хойш хэдхэн цагийн дараа Монголын 10 гаруй телевизийн баярын хөтөлбөрийг “хааж” эх орон даяар эх толгой нь мэдэгдэхгүй бөөн хандив урсаж, өнөөх ядарч зүдэрсэн “ард түмнээс” нь хоёр тэрбум гаруй төгрөг хандивын дансанд орж ирэх нь тэр. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн амласантай нийлбэл Засгийн газраас шийдсэн 10 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй өрсөлдөхүйц сан болчихож.
Баярын “настр” дээр сэтгэлийн хөөрлийг дээд цэгт нь тултал нэмж, Монголын хамгийн нэр хүндтэй хүмүүс үе үеийн Хөдөлмөрийн баатрууд, сансрын нисэгч, анхны олимпын аваргаас эхлээд гэрэл гэгээ цацруулсан бүхнээр хүүхдийн төлөө сайн сайхан үг хэлүүлж уриалууллаа. Нийгмийн тэргүүлэх салбаруудад од болон гялалзаж яваа залуусын “Найрамдал” зуслангийн тухай нандин дурсамжийг нь хүртэл “ашиглахаа” тэд мартсангүй.
Хотын дарга албан хаагчдынхаа нэг өдрийн цалинг хуу хамаад зогсохгүй Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 11 мянган ам метр газар олгосон батламжаа Соёлын сайд С.Чулуунд гардуулах нь тэр.
Засгийн газраас өмнөх өдөр нь 10 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдвэрлэж өгөөд байхад, Засгийн газар, хотын удирдлага хэлэлцэн шийдэж болох газрын төлөө ийм хачин шоунд Соёлын сайд яагаад голлон оролцоод зогсохгүй “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран “санаачилсан” болчихдог билээ? “Монгол соёл-Монгол хүүхэд” гээд шоу тоглолтоо нэрлэнгүүт л энэ хоёрыг нийлүүлчих зэргийн ухаан Б.Баатар найруулагчийн тархинд “баавгай алах” зуур л орно биз.
Тэр тактикийн нэг л том алдаа хийлээ. Энэ нь “Хуулийг бэлэн болтол ингэж ТББ үүсгэн зарлаж хуримтлал үүсгэх нь зөв гэж үзсэн. Бид хууль нь бэлэн болонгуут санд цугларсан хуримтлал хөрөнгийг сангийнх нь хамт Засгийн газарт шилжүүлнэ” гэв. Яагаад гэвэл тэр улстөрч биш уран бүтээлч учраас “хулгай хийж” сураагүй, үнэнээ өчсөн нь энэ. Улстөрч байсан бол хэн ч асуугаагүй хуульгүй үйлдлээ тоочиж суухгүй байх л даа.
Тэгээд ч хуулийг нь хэзээ бэлэн болгож “өгөх” нь хандив өргөчих гээд хэдэн гишүүний төлөөлөл болж тайзан дээр давхиж гарчих гээд байсан ч хуульч гишүүдийнхээ ачаар “толгой мэнд”, холуур өнгөрсөн манай сүгсэлзүүр спикерийн “үүрэг” бололтой юм. Хэрэв УИХ-ын дарга маань хандиваа бариад тайзан дээр гарсан бол хүүхдийн нэр барьсан ТББ-ын дор Засгийн газрын сайд, хотын дарга байтугай бүр Монголын парламент мөлхөөд орчихыг харах байж.
Тэгвэл С.Чулуун сайд одоо юу гэж хэлэх бол? Засгийн газрын тогтоолыг харахад “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээх энэ үүрэг ХНХЯ-нд харьяалал нь ойрхон, ер нь хүүхдийн төлөө ажлууд тэгэж хийгдэж ирснийг өмнөх баримтууд харуулдаг. Тэр ч байтугай Хүүхдийн төлөө сан байгуулах Ажлын хэсэгт тэр сайдын нэр нь ч байхгүй. МАН-ын нэр бүхий эх сурвалж С.Чулууныг МАН-ын гишүүн биш гэх юм.
“Эрдмийн” хүн учраас намаас илүүтэй шинжлэх ухаанаа шүтэж явдаг биз гэж өмөөрөх гэхээр Монголын үндэсний архивын баримт бичгийг Хятадад хэвлүүлэх гэрээ байгуулж, “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун” гээд гарын үсгээ зурчихсан гэрээг нь харахаар ой гутна. Эрдэмтэн хүн түүхийн ийм баримтаа хадгалж хамгаалж авч үлдэхийн төлөө амиа өгөхөөс буцдаггүй гэдэг нь үлгэр юм уу.
Эсвэл С.Чулуун эрдэмтэн өөр үү? Түүний Хятадын талд бэлэглэсэн гэх 640 мянган хуудас архивын баримтаар Тайваний эрдэмтэн ном бичээд нэг сарын өмнөөс худалдаж эхэлсэн талаар дэлхийд тархсан монголчууд маань хэлэлцэж байна. Нэр нь “Мандарины хэтэвч: Чингийн үеийн Халх Монголын яамд ба пүүсүүд” гэнэ. Дэндүү баримттай энэ хэргийг хуулийн байгууллага шалгах цаг болсон.
С.Чулуун “Сүүдрийн Засгийн газар” гэдэг шиг Засгийн газартайгаа зэрэгцэн Соёлын сайд нь “Хүүхдийн төлөө фонд” ТББ гаргаж ирсний учир юу вэ? Энэ сангийн үүсгэн байгуулагч нь яагаад Соёлын дэд сайд М.Батбаяр байв? Соёлын дэд сайд Мөнхөөгийн Батбаяр нь 2019 оны есдүгээр сарын 9-нд “Чингис хааны өв соёлын хүрээлэн” ТБАГ (Төрийн байгууллага, албан газар) хэлбэртэй ашгийн бус байгууллагыг байгуулсан байдаг.
Энэ байгууллагын хувь эзэмшигч хуулийн этгээд нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам гэж улсын бүртгэлд бүртгэгджээ. Нэр, зорилгоороо ижилссэн мэт Ерөнхийлөгчийн PR-ийн гол хүн гэгддэг “Херо” студийн захирал Б.Баатар, Sound of Mongolia-ийн захирал Х.Дамдинсүрэн нар нийлээд л хандивын шоунаас 13-хан хоногийн өмнө энэ ТББ-ыг байгуулчихсан болохыг Улсын бүртгэлээс “уншиж” болно.
Хандивыг “халууруулахаар” УБТЗ ХНН-ээс 500 сая төгрөг хандивласан нь Ерөнхий хорооных нь шийдвэр байлаа гэж бодоход 16 мянган ажилтнаасаа асууж амжаад нэг өдрийнх нь цалинг хандивласан л гэж битгий хэлээрэй дээ. Энэ ч бас хаанаас “салхилсныг” хэлээд авсан. Тэгээд ч нэр хүндтэй жүдочид, бөхчүүд, тамирчид, урлагийнхан…
Ямартай ч он солигдох мөчтэй уралдан гэнэт ухаан орсон мэт сан байгуулсан Засгийн газар, төрийн бус байгууллага хоёр өрсөлдөгч юм уу, хамтрагч юм уу? Яагаад сан байгуулах тухай Засгийн газрын тогтоол батлагдсан орой тэрхүү ТББ-ын үүсгэсэн сан телевизийн сувгуудын үнэтэй цагийг “эзлэн түрэмгийлж” хандивын шоу хийв. Соёлын сайд С.Чулуун аль санд нь хэр хамааралтай юм бэ? Түүнд холбогдох элдэв гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх үү, сан байгуулахад тусалсан гээд “шагнах” юм уу? Энэ бүхэн эмх цэгцтэй, хуулийн дагуу шийдэгдэх ёстой.
Ерөнхийлөгчийн сонгуулийн жилд Монголд гэгээн ариун үлдсэн цөөн үнэт зүйлийн нэг болох хүүхэд гэдэг эрдэнийг “барьцаалж” хандив цуглуулж, тэр нь яг ашигтай компанийн IPO шиг харагдлаа. Маш муухай байна. Эхлээд үйлдлээ хийчхээд дараа нь хууль баталдаг “тохиолдол” зөвхөн ҮАБЗ-ийн зүгээс л гараад байгааг Б.Баатар найруулагчийн үгэн дээр нэмээд дахин сануулчихъя.
У. Оргилмаа
