
Дэлхий дээр амьдарч буй хамгийн урт настай хүн болох Японы иргэн Канэ Танака бямба гаригт 118 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.
1903 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн Танака 2019 оны гуравдугаар сард дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодрон, Гиннесийн номд бичигдсэн юм. Тэрээр мөн өнгөрсөн оны есдүгээр сард Японы бүх цаг үеийн хамгийн өндөр насалсан иргэнээр нэрлэгдсэн билээ. Түүний энэхүү амжилт нь 117 нас 261 хоногоор тогтоогдсон.
Одоо Фукуока дахь асрамжийн газарт амьдардаг Танака бусад оршин суугчдын хамт төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрээр ихэнх цагаа дасгал хөдөлгөөн хийн, тоо бодож, реверси тоглоом тоглон өнгөрүүлдэг аж. Танака мөн хоолны дуршил ихтэй бөгөөд тэрээр шоколад идэж, Кока-Кола уух дуртай гэж асрамжийн газраас мэдээлжээ. Өөрийнх нь урт насалсан нууцын талаар асуухад Танака “Амттай хоол идэж, сурч боловсрох” гэж хариулжээ. Түүнчлэн 120 нас хүртлээ амьдрахаар зорьж байгаагаа тэмдэглэсэн байна.

Түүний 61 настай ач хүү Эйжи “Коронавирусийн цар тахлын улмаас хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа хэдий ч Канэ сайн байгаа. Тэр өдөр бүр хөгжилтэй байдагт би баяртай байдаг” хэмээн ярьжээ.

Дэлхийн хамгийн урт насалсан эмэгтэй бол Францын иргэн Жанна Кальман бөгөөд 1997 оны наймдугаар сард нас барах үедээ 122 нас 164 өдөртэй байжээ. 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр, тус улсад 100-аас дээш насны хүмүүсийн тоо анх удаа 80 мянга давсан бөгөөд тэдний 88 хувь нь буюу 70 975 нь эмэгтэйчүүд ажээ.
