
Монгол Улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлэгч “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт банк” (Standart bank PLC)-нд барьцаалан 2009 оны долдугаар сард анх 36 сая ам.долларын гэрээ байгуулж, улмаар 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл хэмжээгээ нэмсээр нийт 160.1 сая “ногоон” буюу 220.3 тэрбум шахам төгрөгийн зээл авсан дуулианд холбогдсон “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард хэлэлцсэн билээ. Улмаар Ш.Батхүүд найман жил хорих ял оноон, цагдан хоригдсон 515 хоногийг ял эдэлсэнд тооцохоор болж, түүнээс 140 011 171 267 (нэг зуун дөчин тэрбум арван нэгэн сая нэг зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран долоо) төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр”-т 137.9 тэрбум гаруйг, хоёр тэрбум 13 саяыг “Шунхлай групп”-д, “Их Монгол хөлөг”, “Ашид билгүүн”, “Итгэлт эстимэйт”, ПДДБ зэрэг компанид 3-15 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн билээ. Гэвч “Стандарт банк” болон түүнтэй холбоотой олон улсын арбитрын шүүхээр хэрэг шийдвэрлэхэд гаргасан зардлыг хэн төлөх нь тодорхойгүй үлдсэн юм. Өөрөөр хэлбэл, төрд учирсан хохирлыг хэнээс гаргуулах талаар анхан шатны шүүх тодорхой шийдвэр гаргасангүй. Энэ талаар дэлгэрүүлэн хүргэе.
Ш.Батхүү: Хуурамч бичиг баримт ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна
“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө “Коконат ойл” компанийн захирал Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат нартай үгсэн тохиролцож, бүлэглэн зохион байгуулж эрх мэдлээ урвуулсан гэм буруутайд тооцсон юм. Мөн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2 дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутай гэж шүүх дүгнэсэн билээ.
Уг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн дүрмийн 12.6 дахь хэсэгт “10 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг аж. Үүнийг зөрчин “Жаст групп”-ийн Өмнөд Африкийн “Стандарт банк”-наас авсан 160.1 сая ам.долларын зээлийн, нэмэлт зээлийн, зээлийн батлан даалтын болон үүргийн, барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээнд Ч.Ганзориг гарын үсэг зурж, Б.Мөнхжаргал бүртгэлд авч, албажуулсан, Г.Амарбат мөн гарын үсэг зурж баталгаажуулсан. Улмаар зэсийн баяжмал худалдан авдаг “Миллфорд” компанийнхныг төлбөрөө “Стандарт банк” дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлэхийг хүссэн албан захидал бичиж, хуулийн этгээдийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн прокурор буруутгасан юм. Ийнхүү зээлийн гэрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага баталгаа гаргасны улмаас “Стандарт банк”-наас тус үйлдвэрт холбогдуулан Лондон хотын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2016 оны есдүгээр сарын 20, 2017 оны тавдугаар сарын 22-ны шийдвэрээр “Жаст групп”-ийн авсан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт 92.6 сая гаруй ам.доллар буюу 215.3 тэрбум илүү төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсний улмаас төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг уг хэлцлийг баталгаажуулахдаа нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан А.П.Фоменкотой зөвшилцөөгүй гэдгийг уг орос эр гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байна. Тодруулбал, тэрбээр “Би “Жаст групп” ХХК-ийн авах зээлтэй холбоотой ямар нэг бичиг баримтад гарын үсэг зурж байгаагүй. “Стандарт банк”-тай гэрээ байгуулсан гэдгийг ч мэдээгүй” хэмээн өчжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг шүүх хурлын үеэр “2007 оны сүүлчээр Ш.Батхүү зээлийн баталгаа гаргах талаар саналт тавьж ирж уулзсан. Би түүнийг нь зөвшөөрөөгүй, ийм зүйл байх ёсгүй гээд явуулсан. Ажлаа өгсний дараа хэргийн талаар анх сонсож, би гарын үсэг зураагүй учир тоолгүй өнгөрсөн юм. Миний гарын үсгийг Ш.Батхүүгээр туршиж зуруулсан шинжээчийн дүгнэлтэд “Ганзоригийнхтой маш адил дуурайж зурсан” гэсэн байна лээ. Олон улсын арбитрын шүүх миний гарын үсгийг хуурамч гэсэн атал Монгол Улсад жинхэнэ гээд байгаа. Би дөрвөн гэрээний алинд нь ч гарын үсэг зураагүй, нэг гэрээнд гарын үсэг зурсан боловч доторх хуудсыг нь сольсон байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тамгыг Ш.Батхүү хуурамчаар хийснээ ч мэдүүлсэн шүү дээ” гэжээ.
Харин Ш.Батхүү “Тухайн үед би “Стандарт банк”-тай 109 сая ам.долларын гэрээ байгуулах байсан бөгөөд би бүх заалтыг нь авч, богиносгоод “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хуулийн хэлтсийн даргад танилцуулсан. Улмаар нэмж баталгаажуулаад “Эрдэнэт үйлдвэр” хариуцлага хүлээхгүй гэсэн заалт оруулсан. Ингээд “Стандарт банк”-аар гарын үсэг зуруулаад ир гэсний дагуу гэрээний эхний болон сүүлчийн хуудсыг өөр гэрээнд оруулан түүгээрээ зээл авсан. Зээл авахдаа хуурамч бичиг баримт ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” хэмээн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мэдүүлсэн аж.
Ч.Ганзоригийн гарын үсэг хуурамч уу, жинхэнэ үү
Хохирогч буюу иргэний нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр”-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунболд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Ганзориг гурав, Б.Мөнхжаргал хоёр гэрээнд, Г.Амарбат анхан шатны саналд гарын үсэг зурж, Ш.Батхүү гэрээний заалтыг зөрчиж зээл авсан бөгөөд захирал албан тушаалтнууд эрх мэдлээ ашигласнаар Ш.Батхүүд зээл олгосон нь тогтоогдсон. Хэрэв “Эрдэнэт үйлдвэр” дундын зуучлагчаар дамжуулан 40 сая ам.доллар төлж, зээлийг хаагаагүй бол үйлдвэрийн бүх л орлогыг царцаах шийдвэр арбитрын шүүх гаргасан байсан. Ер нь бол “Жаст групп”-ийн зээл, хүү нь өсөөд 120 сая ам.доллар болчихоод байсныг дундын зуучлагчаар дамжуулж 40 сая болгож багасгасан юм шүү дээ” хэмээн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр ярьсан юм. Ийнхүү арбитрын шүүхэд дуудагдаж, 1994 онд Монгол Улс нэгдэн орсон Арбитрын конвенцын дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлөөлөгч томилогдон, олон улсаас хуулийн фирм хөлслөн оролцсон, орчуулга, томилолтын болон шүүхийн ажиллагааны зардал гээд нийт 139 тэрбум 261 сая гаруй төгрөгийн хохирол учирсан хэмээн төрийн өмчит тус үйлдвэрийнхэн хохирлоо гаргуулахаар нэхэмжилжээ.
ШШҮХ-гийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчдийн дүгнэлтэд “2010.08.03 огноотой ГЗ-16-14/403 дугаартай гэрээнд буй гарын үсэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригийнхтой тохирч байна. Мөн “Жаст групп”-ийн “Стандарт банк”-тай байгуулсан гэрээ, орчуулгын материалууд Улаанбаатар 2014 он” гэсэн хавтаст байгаа 000072-000099, 000134-000144 хүртэл дугаарласан хуудсан дахь гарын үсгүүд нь Б.Мөнхжаргалын гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэжээ. Харин гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан хэд хэдэн бичиг баримтад буй тамганы дардас, Ч.Ганзоригийн болон ТӨХ-ны дарга асан Д.Сугарын гарын үсгийн загварууд тохирохгүй байгааг 2013 онд шинжээчид дүгнэж байсныг шүүхийн хэлэлцүүлгийн үеэр тодотгосон юм.
Үүнээс гадна “Стандарт банк”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хоорондох арбитрын маргааны үеэр гаргасан шинжээчийн дүгнэлтэд 27 сая ам.долларын зээлийн гэрээний хүсэлт (2010.06.15) дэх Ч.Ганзоригийн гарын үсэг жинхэнэ хэмээсэн байжээ. Түүгээр ч зогсохгүй Лондоны арбитрын шүүхийн шийдвэрт “Гарын үсгийн шинжээчдийн хамтарсан дүгнэлт, ноён Г.Амарбатын нотолгоо, хэргийн нөхцөл байдлуудад үндэслэн ноён Ч.Ганзориг, Г.Амарбат нар гэрээний нөхцөлүүдэд гарын үсэг зурсныг тогтоосондоо шүүх сэтгэл хангалуун байна” гэсэн зэргийг эш татан “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн албан тушаалтнуудыг шүүх гэм буруутайд тооцсон байна.
Г.Равжаа
