Ассанж, Мэннинг, Сноуден нарыг Нобелийн энхтайвны шагналд дахин нэр дэвшүүлэв

Нобелийн энхтайвны шагналт Мейрид Корриган уг шагналд Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж, АНУ-ын цэргийн шинжээч, WikiLeaks-ийн мэдээлэгч асан Челси Мэннинг, ТТГ, NSA-гийн ажилтан асан Эдвард Сноуден нарыг нэр дэвшүүлжээ. Энэ тухай “РИА Новости” сонин мэдээлэхдээ Корриганы Нобелийн хороонд бичсэн захидлыг иш татсан байна.

Корриган тэднийг урьд нь гурвуулаа Нобелийн шагналд тус тусдаа нэр дэвшсэн боловч одоог хүртэл хэн нь ч авч чадаагүйг мөн онцлон хэлжээ. Түүнчлэн “Энэ удаа яагаад хамтад нь дэвшүүлсэн шалтгаан гэвэл маш энгийн,  тэд бие дааж, эр зоригийн тоо томшгүй олон үлгэр жишээг үзүүлэн, эрх баригчдынхаа  хууль бус үйлдлийг  илчилсэн …” гэж хэлсэн байна.

Мөн түүний хэлснээр Ассанж, Мэннинг, Сноуден нарын амьдрал, тэмцэл, тэдний өөрийгөө золиослон  хийж буй зүйлдээ туйлын зоригтой, сэтгэл харамгүй хандсан нь  ​​оюун санааны агуу байдлыг харуулдаг ажээ

Wikileaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж одоогоор Их Британид байгаа бөгөөд Лондонгийн шүүх энэ сарын 4-нд түүнийг АНУ-д  шилжүүлэн өгөхөөс татгалзсан шийдвэр гаргав.  Гэвч АНУ-д шилжүүлж  аваад шүүн таслах эрсдэлтэй хэвээр байгаа гэнэ. Түүнийг АНУ-ын хуулийнхан Зэвсэгт хүчний олон мянган нууц мэдээллийг задалж аюул занал учруулсан хэмэээн эрүүгийн хуулийнхаа 10 гаруй зүйл ангиар 170 орчим жил шоронд хорих хэмжээний ял тулгаж байна. Иймээс Лондонгийн шүүх  Жулиан Ассанжиг амиа хорлож болзошгүй, сэтгэцийн асуудалтай хэмээн дүгнэжээ. Тэгвэл Корриган  ч бас Ассанжид  АНУ-ын эрх баригчид  хэтэрхий харгис, доромжилсон байдалтай  хүнлэг бусаар  харьцаж,  улмаар цаазаар авах ял оноож магадгүй гэж үзэж байна.

Челси Мэннинг (хуучнаар Брэдли Мэннинг)-ийн хувьд  2017 оны 5-р сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн өршөөлд хамрагдах хүртлээ Ассанжид мэдээлэл дамжуулсныхаа төлөө долоон жилийн хорих ял эдэлж байжээ. Тэрээр анх 2010 оны 5-р сард баривчлагдаж, 700 гаруй мянган  нууц баримтыг “Wikileaks”-ийн эзэн Жулиан Ассанжид шилжүүлсэн хэргээр буруутгагдсан юм.

Америкийн тусгай албаны нууц тагнуулын томоохон хөтөлбөрүүдийг илрүүлсэн Сноуден нь  Орост хоргодох газар олсон бөгөөд  түүнийг  “Бүх насаараа хоригдох зовлонгийн улмаас  эх орондоо эргэж ирж чадахгүй” гэж Корриган хэлжээ.  Эдвард Жозеф Сноуденыг тухайн үед америкчууд  “үндэсний баатар” хэмээн үзэж Цагаан ордонд өргөх бичиг илгээж байсан юм. Тэрхүү Өргөх бичигт нэг өдрийн дотор 22 мянган хүн гарын үсэг зурсан байлаа. Тэрээр компьютерийн техникч мэргэжилтэй бөгөөд  АНУ-ын Тагнуулын Төв Газарт техникчээр ажиллаж байгаад 2013 оны 6-р сард иргэдийг хууль бусаар чагнан мөрдөх АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд дэлгэсэн юм. 

Нобелийн энхтайвны шагналт тэднийг дахин нэр дэвшүүлсэн Корриган нь   “Тэд гурвуулаа ухамсраа дагаж, үүргээ хайр сэтгэлээр биелүүлсэн” хэмээн  хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

О.Баяр

Нийтлэсэн: otoo.blog

сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя